Бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү бөгөөд зардал өндөртэй ажил. Цөөн хэдэн л эхлэн бизнес эрхлэгчид өөрийн хөрөнгөтэй эхэлж чаддаг бол ихэнх нь хөрөнгө оруулалт гаднаас татдаг. Энэ нь хөрөнгө оруулагч ч бай, банкны зээл ч бай, найзаасаа зээлэх ч бай ижилхэн шат дамжлага, шаардлагыг хангах ёстой болдог. Хөрөнгө оруулагч татах нь эрсдэл, санхүүжилтийн хувьд илүү таатай эх үүсвэр юм. Тэгвэл хөрөнгө оруулагчдын бизнес түншлэлээс юуг голлон харж, хайдаг болохыг ойлгох нь хөрөнгө оруулалт босгоход чухал юм.
Өнгөрсөн дата мэдээлэл - Хөрөнгө оруулагч юуны түрүүнд хөрөнгө оруулалтын өгөөжийг харахыг хүсдэг. Хэрхэн мөнгө олохоо ойлгуулж чадах нь нийт ажлын 90%-ийг шаардана. Хэрвээ танай бизнес аль хэдийн үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо болон өмнөх санхүүгийн үзүүлэлтээ танилцуулах нь үр дүнтэй юм. Үүнд, орлогын өсөлт, цэвэр ашиг, сарын орлого, цэвэр орлого, ажилтанд ногдох орлогын хэмжээ зэрэг орж байна.
Бизнес төлөвлөгөө - Бизнес төлөвлөгөө нь таны хэрхэн мөнгө олохыг тодорхой илэрхийлэх гол хэрэгсэл юм. Өмнөх дата нь таныг амжилт гаргах чадвартай гэдгийг нотолж байгаа бол бизнес төлөвлөгөө нь цаашдын үйл ажиллагааг тодорхойлох юм. Бизнес төлөвлөгөөнд санхүүгийн тооцоолол, зорилтот зах зээл, борлуулалтын суваг, маркетингийн төлөвлөгөө, зорилго, өрсөлдөгчийн шинжилгээ зэрэг мэдээллийг оруулах хэрэгтэй.
Өвөрмөц санаа - Хөрөнгө оруулагч гэлтгүй ерөнхийдөө олон нийт ч мөн "шинэлэг бас инновац" гэдэг үгэнд татагддаг. Зах зээл хэдэн зуун ижил төстэй бүтээгдэхүүнтэй байхад танай компани ялгарч чадахад хэцүү. Тийм учраас хөрөнгө оруулагчдад таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн ялгарч чадах, ямар хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх, юугаараа бусдаас илүү болохыг тодорхой харуулах хэрэгтэй.
Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл - Таны ажил бол хангалттай том зах зээл байгаа гэж ятгах тухай биш юм. Энэ нь таны хүсэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ хангалттай эсэхийг тооцоолох тухай юм. Жишээлбэл, та $100,000 хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бол сая долларын компани болоход хангалттай зах зээл байгаа эсэхийг баримт нотолгоотой харуулах ёстой юм.
Туршлага - Таны бизнесийн санаа бол компанийг амжилтад хүргэх олон хүчин зүйлийн нэг юм. Өөр нэг чухал хүчин зүйл бол та өөрөө юм. Хөрөнгө оруулагчид бизнесийн амжилт бүтэлгүйтлийг шийдвэрлэхэд багийн гишүүд чухал болохыг ойлгодог. Тэд менежмент, багийн гишүүдийн чадваргүй байдлаас болж мөнгөө алдахыг хүсэхгүй. Тийм учраас та санхүүгийн тооцооллоос гадна өөрийн чадвар, туршлагыг танилцуулах нь чухал юм.
Comments